Хичээл заасан багш: Б. Очирбаяр (Ph.D)
“Солонгос хэл – уншлага 1” хичээл нь солонгос хэлний унших чадварыг системтэй хөгжүүлэхийн зэрэгцээ зөв дуудлага, авиа зүйн мэдлэг, үгийн сан болон сонсох чадварыг давхар сайжруулахад чиглэсэн суурь хичээл юм. Энэхүү хичээлээр суралцагчид солонгос хэлний авиа зүйн онцлог, дуудлагын өөрчлөлтүүд, зөв унших арга барилыг бодит эхийн жишээн дээр үндэслэн эзэмшиж, уншиж ойлгох чадвараа үе шаттайгаар хөгжүүлэх болно.
Хичээл нь “Сургамжит өгүүллэгээр дамжуулан солонгос хэл сурцгаая” номыг үндсэн сурах бичиг болгон ашиглах бөгөөд амжилт, зорилго, инээмсэглэл, хулс мод, мэргэн ухаан, чадвар, ном уншихын ач тус, бэрхшээл, хайр зэрэг хүний хөгжил, үнэт зүйлстэй холбоотой сургамжит өгүүллэгүүдийг уншин судална. Эдгээр эхүүд нь зөвхөн хэлний мэдлэг олгохоос гадна хувь хүний төлөвшил, эерэг хандлага, амьдралын ухааны талаар эргэцүүлэн бодох боломжийг суралцагчдад олгоно.
Бүлэг бүр богино хэмжээний үндсэн уншлагын эх, шинэ үгийн тайлбар, үгийн сангийн дасгал, авиа зүйн дүрэмд тулгуурласан зөв унших дасгал, уншиж ойлгох даалгавар болон цахим хэрэглэгдэхүүнээс бүрдэх бөгөөд суралцагчийн бие даан суралцах чадварыг дэмжихэд чиглэнэ. Ялангуяа солонгос хэлний дуудлагын онцлогийг хэрэглээний түвшинд тайлбарлаж, унших үед гардаг нийтлэг алдааг засах аргачлалыг тусгаснаараа энэхүү хичээл онцлогтой юм.
Хичээлийг судалснаар суралцагч солонгос хэл дээрх богино хэмжээний эхийг зөв дуудлагаар унших, уншсан эхийн гол санаа болон дэлгэрэнгүй мэдээллийг ойлгох, шинэ үг хэллэгийг хэрэглээнд ашиглах, сонссон болон уншсан мэдээллээ тайлбарлах чадвараа хөгжүүлнэ. Мөн унших чадвартай зэрэгцэн сонсох чадвар, үгийн сан, хэлний ерөнхий хэрэглээ сайжирч, цаашдын дунд болон ахисан түвшний хэлний сургалтын бат бөх суурь тавигдах болно.