Хичээл заасан багш: Б. Очирбаяр (Ph.D)
“Үгсийн сангийн судалгаа” хичээл нь хэл шинжлэлийн салбар дахь үгсийн сан судлалын онол, арга зүй болон орчуулгын онцлогийг судлахад чиглэсэн мэргэжлийн суурь хичээл юм. Энэхүү хичээлээр суралцагчид үгийн утга, бүтэц, үүсэл хөгжил, үг бүтэх арга, хэл соёлын харилцан хамаарал зэрэг үгсийн сантай холбоотой үндсэн ойлголтуудыг эзэмшихийн зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх арга барилд суралцана.
Хичээлийн хүрээнд үгсийн сангийн судалгааны үндэс, төрөл ангилал, үгийн сан бүрдүүлэлт, нэр томьёоны судалгаа, монгол болон солонгос хэлний гишүүн үгийн харьцуулсан судалгаа зэрэг сэдвүүдийг судална. Мөн үгийн салаа утга, найруулга зүйн онцлог, хэлний хэрэглээний ялгаа, соёл хоорондын утгын шилжилт зэрэг асуудлыг бодит жишээнд тулгуурлан шинжлэх боломжтой. Ингэснээр суралцагч хэлний үзэгдлийг судалгааны өнцгөөс харах, үгийн хэрэглээг оновчтой тайлбарлах чадвараа хөгжүүлнэ.
Түүнчлэн энэхүү хичээл нь орчуулгын онол, практикийг хослуулснаараа онцлогтой. Суралцагчид шашны орчуулга, кино орчуулга, хүний хөгжлийн номын орчуулга, шүлэг болон уран зохиолын орчуулга зэрэг төрөл бүрийн салбарын орчуулгын онцлог, арга барил, тулгамдсан асуудлуудыг судална. Салбар бүрийн орчуулга нь хэл найруулга, соёлын ялгаа, утгын нарийн өнгө аясыг хэрхэн дамжуулдаг талаар жишээ, харьцуулсан шинжилгээнд үндэслэн тайлбарлах болно.
Хичээлийн бас нэгэн онцлог нь суралцагчдын бодит судалгааны ажил, орчуулгын бүтээлүүдийг жишээ болгон ашиглаж, тэдгээрт өгсөн багшийн шүүмж, зөвлөмжийг хамтатган тайлбарладгаараа онцлог юм. Энэ нь судалгааны ажил төлөвлөх, мэдээлэл цуглуулах, шинжлэх, үр дүнгээ тайлагнах, алдаа дутагдлаа сайжруулах арга барилыг бодитоор суралцах боломжийг олгодог. Мөн бие даалтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэх аргачлалд суралцсанаар академик судалгаа хийх суурь чадвар төлөвшинө.
Энэхүү хичээлийг амжилттай судалснаар суралцагч үгсийн сангийн үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах, хэлний нэгжүүдийг харьцуулан судлах, орчуулгын төрөл бүрийн арга барилыг хэрэглэх, судалгааны ажил боловсруулах, мэргэжлийн түвшний бичгийн болон орчуулгын ур чадвараа хөгжүүлэх боломжтой болно. Мөн хэл шинжлэл, орчуулга судлалын чиглэлээр цаашид гүнзгийрүүлэн суралцах бат бөх онолын болон арга зүйн суурийг бүрдүүлэх юм.