Хичээл заах багш: Б. Очирбаяр (Ph.D)
Хүн төрөлхтний хөгжлийн түүхийг ажиглавал бусдыг итгэн үнэмшүүлэх, үзэл санаагаа зөв илэрхийлэх, олон нийтийг манлайлах чадвар нь амжилтын хамгийн чухал хүчин зүйлсийн нэг байсаар ирсэн. Өнөөдөр ч гэсэн мэргэжил, ажил албан тушаал, нийгмийн байр сууриас үл хамааран хүн бүр санал бодлоо ойлгомжтой илэрхийлэх, өөрийгөө зөв танилцуулах, бусдад нөлөөлөх, багаар ажиллах, илтгэл тавих ур чадвартай байх шаардлагатай болсон. Иймээс илтгэх урлаг нь зөвхөн тайзан дээр үг хэлэх чадвар бус, харилцаа холбоо, манлайлал, хувь хүний хөгжлийн үндсэн ур чадварын нэг юм.
“Илтгэх урлаг” хичээл нь илтгэлийн онолын суурь ойлголтоос гадна бодит амьдрал, ажил мэргэжил, судалгаа шинжилгээний орчинд шаардлагатай илтгэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ. Хичээлийн хүрээнд илтгэлийн бүтэц боловсруулах, мэдээлэл цуглуулах, баримт нотолгоо ашиглах, логик дараалал бий болгох, харьцуулалт хийх, сонсогчдын анхаарлыг татах, итгэл үнэмшил төрүүлэх арга техникүүдийг судална.
Мөн суралцагчид PowerPoint (PPT) танилцуулга боловсруулах, илтгэлийн материал бэлтгэх, судалгааны үр дүнг Google Forms зэрэг хэрэгслээр боловсруулах, илтгэлийн дизайн гаргах, дуу хоолой, биеийн хэлэмж, харилцааны ур чадвараа хөгжүүлэх практик мэдлэг эзэмшинэ. Үүнээс гадна амьдралын болон карьерын төлөвлөгөө боловсруулах, хариуцлага ба манлайллын тухай ойлголт, ангилал зүй (Taxonomy), сэдэлжүүлэлтийн онол зэрэг хувь хүний хөгжлийг дэмжих олон сэдвийг хамарсан байдаг.
Энэхүү хичээлийн онцлог нь онолын мэдлэгээс илүүтэйгээр практикт суурилсан сургалт байдгаараа ялгардаг. Суралцагчид зөвхөн илтгэл хэрхэн бэлтгэхийг судлаад зогсохгүй өөрсдөө танилцуулга боловсруулж, илтгэл тавих, дүгнэлт хийх, өөрийгөө үнэлэх, бусдын санал зөвлөгөөг тусган сайжруулах замаар бодит ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
Хичээлийг судалснаар оюутан өөрийн санаа бодлыг логик дараалалтай, баримт нотолгоонд тулгуурлан, ойлгомжтой бөгөөд итгэл төрүүлэхүйц байдлаар илэрхийлэх чадвартай болно. Түүнчлэн олон нийтийн өмнө өөртөө итгэлтэйгээр ярих, чанартай танилцуулга боловсруулах, судалгааны мэдээллийг үр дүнтэй ашиглах, манлайлах болон харилцааны ур чадвараа хөгжүүлэх суурь мэдлэг, арга зүйг эзэмших юм. Эдгээр чадвар нь зөвхөн сургалтын орчинд төдийгүй ажил мэргэжил, бизнес, олон нийтийн харилцаа, хувь хүний хөгжлийн бүхий л салбарт амжилт гаргах чухал үндэс болно.