Хүн өөрийгөө танин мэдэж, бусадтай зөв харилцаж, нийгмийн хэм хэмжээ, хууль эрх зүйн орчинд ухамсартайгаар оролцож чаддаг байх нь хувь хүний хөгжлийн үндэс болдог. Мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна зөв хандлага, ёс зүйтэй харилцаа, эрх үүргээ ухамсарлах чадвар нь амжилттай ажиллаж, аз жаргалтай амьдрахад чухал нөлөө үзүүлдэг.
Энэхүү “Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй” хичээлээр хүний хөгжлийн мөн чанар, аз жаргалын ойлголт, тогтвортой байдал, харилцааны зан төлөв, харилцааны үр нөлөө, холбоо тогтоох арга зүй, санаа зовнил, нэр төр, хуурмаг ойлголт, мэдээллийн аюулгүй байдал, цагийн менежмент, эрх мэдэл, хандлага, сонсох чадвар зэрэг хувь хүний хөгжилд чухал ач холбогдолтой асуудлуудыг судална.
Хичээлийн зорилго нь суралцагчдад өөрийгөө болон бусдыг илүү гүнзгий ойлгох, ёс зүйтэй бөгөөд үр дүнтэй харилцах, эрх үүргээ зөв ухамсарлах, асуудалд шүүмжлэлтэй хандах, зөв шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэхэд оршино. Мөн өдөр тутмын амьдрал, ажил мэргэжил, нийгмийн харилцаанд шаардлагатай зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Хичээлийг судалснаар та өөрийн зан төлөв, хандлага, харилцааны онцлогийг танин мэдэж, хувь хүний хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулахын зэрэгцээ бусадтай харилцах соёл, эрх зүйн мэдлэг, мэдээллийн орчин дахь хариуцлагатай оролцооны талаар бодит ойлголттой болох болно. Эдгээр мэдлэг, чадвар нь зөвхөн суралцах хугацаанд төдийгүй насан туршийн хөгжил, амжилтын бат бөх суурь болох юм.